Засгийн газар огцорлоо

Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Тодруулбал Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүний ажлаасаа огцрох хүсэлтээ өгсөн. УИХ-ын чуулганы хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж, чуулганы хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь буюу 95.2 хувь нь дэмжсэнээр 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.

1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш анх удаа өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ өгсөн Ерөнхий сайд боллоо. Хамгийн тогтвортой ажиллах байсан, Үндсэн хуулийн хамгаалалттай Засгийн газар ийнхүү хамгийн хурдан буюу зургаан сарын дараа огцорлоо.

Үйл явдлыг эхнээс нь хураангуйлбал Засгийн газар өнөө өглөө ээлжит бусаар хуралдаж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудлыг хэлэлцсэн юм. Түүний дараа Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөл дээрх асуудлаар хуралдсан. Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргаснаа танилцуулж, удирдах зөвлөл дэмжсэнээр тус асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хурал руу шилжүүлсэн юм. УИХ-ын олонх буюу 62 суудлыг бүрдүүлдэг МАН-ын бүлэг мөн адил Засгийн газрыг огцруулах асуудалтай танилцжээ. 

Үүний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 13 нь дэмжсэн юм. Үргэлжлүүлээд өнөөдөр 17.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулж ирсэн нь энэ юм. 

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.